Вунг Тау, Вьетнам
Есүс Христийн хайр дотор мэндчилж байна.
Бид одоогоор Вьетнам улсын далайн сайхан хот болох Вунг Тауд нэгэн айлд үйлчилж байна. Энэ хот нь Хо Ши Мин хотоос ойролцоогоор 2 цаг яваад хүрдэг, тайван, цэвэр агаартай, далайн бүтээгдэхүүн элбэг, маш амар тайван орчинтой газар юм.
Манай одоогийн үйлчлэл нь тухайн айлын хүүхдүүдтэй нөхөрлөж, Англи хэлийг өдөр тутмын яриагаар нь дамжуулан сургах, мөн Библи уншиж, Есүсийг хамтдаа таньж мэдэхэд чиглэж байна.
Оройн цагаар бид хүүхдүүдтэй ярилцаж, тоглож, ном уншиж, Англиар энгийн яриа өрнүүлдэг. Ингэснээр хүүхдүүд Англи хэлийг дарамтгүй, байгалийн орчинд сурч байгаа нь бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Үүний зэрэгцээ Библийн түүхүүдийг хүүхдийн насанд тохируулан хуваалцаж, Есүсийн хайр, нинжин сэтгэлийн тухай хамтдаа ярилцдаг.
Одоогоор 9 настай Ариунсэтгэл охинтойгоо хамт энэхүү үйлчлэлийг хийж байна.
Бидний хувьд энэ бол зүгээр нэг сургалт биш, харин хамтдаа амьдарч, хамтдаа суралцаж, Христийн хайрыг амьдралаар дамжуулан харуулах аялал юм.
Бидний үйлчлэлд санхүүгийн дэмжлэг үнэхээр хэрэгтэй байна.
Бид нэг айлд дунджаар 2 долоо хоног үйлчилдэг бөгөөд дараагийн айлуудад очих унаа, замын зардал-д та бүхний хандив, тусламж маш чухал юм. Та бүхний өгсөн дэмжлэг бүр биднийг дараагийн айлд хүргэж, үйлчлэлийг үргэлжлүүлэх боломж болдог.
Миний бие одоогоор умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж байна.
Бид үүнийг Есүс Христийн нэрээр тунхаглан, эдгэрлийн баяр хөөрийг хүлээн авч залбирч байгаа. Зарим үед бие маш их өвдөж, өвчин намдаах эм ууж аргацаах үе бий. Эмчид үзүүлэх, эмнэлгийн тусламж авах боломж нээгдэхийн төлөө та бүхэн хамтдаа залбирч өгөөсэй гэж хүсэж байна.
Охин маань одоогоор сургуульд явах боломжгүй байгаа тул цахим сургалтаар суралцах санхүүгийн хэрэгцээ ч мөн тулгараад байна. Энэ бүхэнд бид Есүсийг хангагч Эзэн гэдэгт итгэж, найдсаар байна.
Есүс алдарших болтугай.
Амен.
Лхагвасүрэнгийн Сугар-Эрдэнэ
WhatsApp: +976 7220 8459 (Lisa)
E-Mail: ssugar212@gmail.com
Чойр хот, Говьсүмбэр аймаг.
Хүүхдийн үйлчлэлийн танилцуулга
Есүс Христийн хайр дотор мэндчилж байна.
Лхагвасүрэн овогтой Сугар-Эрдэнэ миний бие Говьсүмбэр аймгийн Чойр хотод хүүхдийн үйлчлэлийн багш.
Бурхан хүүхдүүдийг Библийн үгээр хүмүүжүүлэх, тэднийг итгэлийн зөв замд хөтлөх гүн дуудлагыг зүрхэнд минь тавьсан.
Би Чойр хотын "Хайрын ҮР" гэр бүлийн хүрээ сургалтын төвд багшаар ажиллаж, хүүхдүүдэд Библийн түүхүүдийг заах, Христийн суурь үнэт зүйлсийг ойлгуулан хүмүүжүүлэх, тэдний сүнслэг өсөлтөд чиглүүлэх үйлчлэлээр дамжуулан үйлчилдэг. Хүүхдүүдтэй ажиллах нь миний амьдралын хамгийн том ерөөлүүдийн нэг юм.
Миний үйлчлэлийн дуудлагын үндэс нь Сургаалт үгс 22:6 юм:
“Хүүхдийг явуулах ёстой замд нь сурга. Тэр хөгширсөн ч тэр замаасаа няцахгүй.”
Энэхүү ишлэл нь дараагийн үеийг Бурханы үнэн, мэргэн ухаан, хайраар хүмүүжүүлэх миний алсын хараа, зорилгыг тодорхойлж өгдөг.
Хүүхдүүдийн итгэлийн өсөлтөд Есүсийн зүрх сэтгэлээр үйлчлэх нь миний хувьд баяр хөөрийг бялхаадаг билээ.